Элон Маск хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдээ хэдэн сая доллароор цалинжуулдаг

Нью Йорк Таймсын сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт Элон Маскын хиймэл оюун ухаан хөгжүүлж буй ашгийн бус байгууллага болох OpenAI-ийн татварын баримтыг дэлгэжээ. Баримтад дурдсанаар OpenAI-ийн судалгааны багийн гишүүд болох Иля Сутцкеверийн жилийн цалин нь 1,9 сая ам. доллар, Иан Гүүдфеллоун жилийн цалин 800 мянган ам. доллартой тэнцэж байсан байна.

Харин робот хөгжүүлэгч Петер Аббилийн цалин 425 мянган ам. доллар байжээ. Хиймэл оюун ухааны салбарт мэргэжилтнүүдийн хэрэгцээ өндөр байдаг боловч шаардлага хангах мэргэжилтэн тун цөөн учраас цалин нь үнэмлэхүй өндөр байдаг.

2017 оны арван хоёрдугаар сард БНХАУ-ын технологийн аварга Тенсент компани дэлхий даяар хиймэл оюун ухаан хөгжүүлж чадах мэргэжилтний тоо дөнгөж 300 мянга байгаа талаар дурдаж байв.

Өнөөдрийн байдлаар энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 300-500 мянган ам. доллартой тэнцэж байгаа бөгөөд технологийн компаниудын хувьд хэдэн сая мэргэжилтний хэрэгцээ байсаар байгаа аж.

Гэвч нэг асуудал нь технологийн салбарын аваргууд ийм мэргэжилтнүүд, их сургуулийн багш нарыг өндөр цалингаар авч ажиллуулах болсноор шинэ үеийн мэргэжилтнүүд бэлтгэгдэх боломж нь тэр хэрээр буурах болжээ.

Сутцкеверийн хувьд OpenAI-д авч байгаагаас нь хэд дахин өндөр цалин амласан саналыг ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд лаборатори нь өсөхийн хэрээр цалин нь нэмэгдэнэ хэмээн үздэг аж. Тэгвэл Google, Amazon, Apple, Facebook-т ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувьд түүнээс ч өндөр цалин авдаг төдийгүй, хувьцааны нэмэлт сонголттой.