Билл Гейтс дэлхийг шууд дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна

Компьютерынхоо цаана суугаад л Google Earth ашиглаж бид өөр орны газар нутгийг харахаас эхлээд гэрийнхээ орчмыг хүртэл харах боломжтой. Тэгвэл зүгээр хөдөлгөөнгүй зураг үзэхийн оронд бүх дэлхийг, яг тухайн агшинд ямар байгааг шууд бичлэгээр дамжуулан үзвэл ямар вэ?

Хэтэрхий том амбиц мэт сонсогдож болох хэдий ч EarthNow төслийн баг энэ зорилгыг биелүүлэхээр ажиллаж байна. Тэдний төсөөлж буйгаар дэлхийг тойрсон олон хиймэл дагуулаас шууд бичлэг дамжуулах бөгөөд нэг юм уу, хоёр секундийн алдагдалтай л ирж байх аж.

Ингэснээр тэд цаг уурын хяналтаас гадна аливаа улс оронд болж буй мөргөлдөөн, байгалийн гамшиг, хулгайн анчдыг хүртэл ажиглах боломжтой болох юм. Тийм ч учраас энэ төслийг Билл Гейтс, Airbus, Японы SoftBank санхүүжүүлж байгаа юм байна.

Гэхдээ төсөл асар өндөр өртгөөр бүтэх аж. Тэдний гаргасан хэвлэлийн мэдээнд бичсэнээр “Хиймэл дагуул бүрийн мэдээлэл боловсруулах хүчин чадал асар өндөр бөгөөд CPU нь гэхэд одоо байгаа бүх арилжааны хиймэл дагуулын CPU-ний цөмийг нийлүүлснээс олон тооны цөмтэй байна” гэжээ.

Airbus-ын хувьд яг энэ хиймэл дагуулыг үйлдвэрлэх ажлыг хариуцах бөгөөд одоогийн байдлаар нийт хэдэн хиймэл дагуул үйлдвэрлэх нь тодорхойгүй аж.